Баянхонгор аймгийн Өлзийт сумын тухай товч танилцуулга

НЭГ. ЕРӨНХИЙ ТАНИЛЦУУЛГА

Баянхонгор  аймгийн Өлзийт сум нь хуучнаар Халхын Сайн-ноён хан аймгийн Эрдэнэбандидын  хошуу нутаг бөгөөд  Олноо өргөгдсөн арван дөрөвдүгээр он буюу 1924 онд Цэцэрлэг мандал уулын аймгийн Баянзүрхийн хошууг сумдын зохион байгуулалтад оруулсны нэгийг Өлзийт сум хэмээн нэрлэснээр байгуулагдсан түүхтэй.           

    1. Байршил

Тус сумын төв нь Баянхонгор аймгийн зүүн урд хэсэгт  17 км, Улаанбаатар хотоос 613  км зайд оршдог.

Нутгийн зүүн хэсгээрээ Өвөрхангай аймгийн Уянга, Нарийн тээл, Баруунбаян-Улаан  сум, урд хэсгээрээ  өөрийн аймгийн Богд, Жинст сум, баруун хэсгээрээ Баян-Овоо сум, хойд хэсгээрээ Эрдэнэцогт сумдтай тус тус  хиллэдэг.

Тус сум нь байгалийн үзэсгэлэнт тогтоц, түүхэн дурсгалт газрууд, ховор ан амьтад, ургамлын төрөл зүйлээр баялаг, хангай, тал хээр хосолсон  385283 га бүхий өргөн уудам нутагтай.

Засаг захиргааны нэгж Бурхант, Байн-Ам, Ёлын-Ам, Худаг-Урт, Бийрийн Уулзвар, Улаан-Уул гэсэн  6 багт 1165 өрхийн 3907, үүнээс эрэгтэй 1959, эмэгтэй 1948 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор аймагтаа эхний 3-т, газар нутгийн хэмжээгээр 15-т, хүн амын нягтралаар дундаж буюу 0,98 хүн /га/ сум юм.

1.2 Байгаль, газар зүйн онцлог

Газар зүйн онцлог. Сумын нутаг дэвсгэрийн ихэнх нь далайн түвшинээс дээш 1500-2000 м өргөгдсөн бөгөөд хамгийн өндөрлөг газар болох Баяндаваа 3300 м, нам дор газар болох Хавхаастай 1300 м өргөгдсөн байдаг. Хангайн нурууны салбар уулсын дунд цагаан нурууд, уудам тал хээр, уулархаг аараг, толгод хосолсон нутагтай, мал аж ахуй, газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Ус, усан сан бүхий газар. Нуур 1, булаг шанд 58, рашаан 4, гол горхи 4, энгийн уурхайн 132,  инженерийн хийцтэй худаг 53, цооног 10, усан сан 1, услалтын систем 3,  цэвэрлэх байгууламж 1 тус тус байна.

Ан амьтан, ургамал. Ховор ан амьтдаас аргаль, янгир, буга, шилүүс, суусар, нохой зээх, дорго, саарал чоно, шар үнэг, тарвага, чандага зэрэг нь элбэг байх ба нутгийн баруун хэсэгт цагаан зээр, хар сүүлт тохиолдох нь бий.

Мөн хойлог, ахун, тас, хун, галуу, цармын бүргэд зэрэг ховордсон олон төрлийн жигүүртэнтэй. Харгана, бударгана, арц зэрэг модлог болон бутлаг ургамал, юмдүүжин, алтан гагнуур, нохойн хошуу, жамъянмядаг, манжингарав, гишүүнэ, говийн ганга, дагуур тарваган шийр, лидэр, эгэл гоньд, зэрлэг цахилдаг, эрээн гомбо зэрэг эмийн ургамал,  хад, тошлой зэрэг жимс элбэг ургадаг.

Байгалийн үзэсгэлэнт газар. Шататын агуй, Уушгийн хад, Бага шаргалжуут, Балин чулуу, Сэнжин цохио, Тэвшийн хүрэм, Тэмээн таваг, Гялгарын хавцгай гэх мэт газруудтай.

            Түүх соёлын дурсгалт газар. Замын хашаат,   Булган уул, Түйн бор балгас, Бийрийн хөндийн “Буган чулуу”, Хийдийн туурь, Хөшөөтийн буган хөшөө, Дөрвөн баатрын хөшөө, Ээжийн цагаан хөшөө, Гэгээний лата гэх мэт газруудтай.

 

Ойн сан бүхий газар. Ойн сан бүхий  972 га газраас байгалийн ой 880 га, тармаг ой 92 га талбайг хамарна. Ойн гарал үүслийн хувьд өөрөө аясаараа сэргэн ургасан байгалийн ой бөгөөд бүрэлдэхүүний хувьд “Шинэс” мод зонхилж, Улиангар модод харьцангуй бага тархалттай ургасан байна.

 

Цаг уурын нөхцөл

  • Агаарын  температур нь хүйтний улиралд  -18°С -33°С
  • Дулааны улиралд  температур нь

 +15°С - +30 °С

  • Газар хөдлөлийн 6-7 баллын идэвхтэй бүсэд байршдаг.

Газар нутаг

Нийт газар нутгийн хэмжээ 385283 га.

Зориулалт

Хэмжээ \га\

Нийт талбайд эзлэх хувь

Хөдөө аж ахуйн газар

382738.15

99.34

Ойн сан бүхий газар

972

0.25

Усан сан бүхий газар

223

0.06

Тусгай хэрэгцээний газар

7.93

0.002

Тосгон, суурингийн газар

425.35

0.11

Зам, шугам сүлжээний газар

916.57

0.238

 

1.3 Инженерийн дэд бүтэц                 

Зам тээвэр. Баянхонгор аймгийг Улаанбаатар хоттой холбосон улсын чанартай 56 км авто зам сумын нутгаар дайран өнгөрдөг. Худаг Урт 4-р баг засмал замаар, Бийрийн Уулзварын 5-р баг, Ёлын Ам 3-р багууд сайжруулсан шороон замаар тус тус холбогдсон. Сумын төвд 1060м хатуу хучилттай, гэрэлтүүлэг бүхий авто замтай.

Харилцаа холбоо. Үүрэн холбооны Жи-Мобайл, Юнител Скайтелын 2G сүлжээ нь сумын нутаг дэвсгэрийн 80 хувийг, Юнител, Мобиком 4G сүлжээ нутаг дэвсгэрийн 40 хувьд нэвтэрснээр мэдээ мэдээлэл хүлээн авах, дамжуулах нөхцөл боломж бүрдсэн.

Төрийн үйлчилгээний байгууллагуудад Мобикомын шилэн кабельд холбогдсноор төрийн үйлчилгээ цахимжсан.

Цахилгаан хангамж. Аймгийн эрчим хүчний системд 1985 онд, Эрдэнэт Булганы цахилгаан түгээх төвийн эрчим хүчний системд 2000 онд  холбогдож 6800квт-ын өндөр хүчдэлийн эх үүсвэрээр хангагдсан.

Бийрийн-Уулзварын 5 дугаар баг, Ёлын-Амны 3 дугаар багийн төвүүдийг цахилгаан эрчим хүчний эх үүсвэрт холбогдсон.

Сумын төвийн гудамж, нийтийн эзэмшлийн зам талбай, байгууллагуудын гадна орчинд  нийт 170 ширхэг гэрэлтүүлэгтэй.

Ус хангамж.  Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж бүхий 1, ахуйн хэрэглээний 2 гүний худагтай. Хоногт 60 куб.м ус цэвэршүүлэх,  түгээх хүчин чадалтай усан сан, хоногт 50 куб.м бохирыг цэвэрлэж, ахуйн хэрэглээний саарал ус болгох хүчин чадалтай цэвэрлэх байгууламжтай.

Дулаан хангамж. 1976 оноос хойш төвлөрсөн халаалтын системээ  тасралтгүй ажиллуулж ирсэн. Энэхүү төвлөрсөн халаалтад 5 аж ахуйн нэгж, байгууллагын 9 барилга байгууламж, нийтийн болон хувийн орон сууцны 46 өрх холбогдсон. Дулааны шугам сүлжээний голч нь 250 мм, урт 3.5 км, дулааны ачаалал 17000 Гкал/цаг/, хүчин чадал 25000 Гкал/цаг/ байна.

Орон сууцны хангамж. Сумын хэмжээнд нийтийн 2 орон сууцад 18 өрх, гэр хороололд 98 өрх, хөдөө 13 өрх  амины орон сууцанд бусад өрхүүд гэр сууцад амьдардаг.

Нийгмийн үйлчилгээний байгууллагын барилга, байгууламж

Барилга байгууламжийн төрөл

Тоо ширхэг

Хүчин чадал

1

Сургууль

2

560

2

Сургуулийн  хүүхдийн дотуур байр

2

155

3

Цэцэрлэг

1

100

4

Эмнэлэг /хэвтэж эмчлүүлэх/

2

12

5

Спорт заал

3

450

6

Соёлын төв

1

150

7

Номын сан

2

30

8

Банк

2

-

9

Халуун ус /бүхий/

5

15

10

Хийд

1

30

11

Мал эмнэлэг ААН

1

-

 

Эдийн засгийн голлох салбар нь мал аж ахуй бөгөөд 2020 оны жилийн эцэст тэмээ 330, адуу 11779, үхэр 13292, хонь 85470, ямаа 138093, нийт 248964 толгой мал тоолуулсан. 2020-2021 оны өвөлжилт хаваржилт хүндэрч мал аж ахуйн салбарт ихээхэн хохирол учирч 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт  197600 толгой мал сүрэг байгаа ба үүнээс тэмээ 325, адуу 8671, үхэр 8501, хонь 71269, ямаа 108834 толгой болж аймагтаа мал сүргийн тоогоор 4-т  байна.

Сумын малчин өрхийн тоо 908 байгаа нь нийт өрхийн 77.9  хувийг эзэлж байна. Малчдын тоо 1575  Үүнээс эрэгтэй 843, эмэгтэй 732 

Насаар ангилбал: 16-34 настай 508, 35-54 настай 826, 55-аас  дээш насны 241 малчид байна.

Малын төрөл

Малын тоо

Сүрэгт эзлэх хувь

Тэмээ

325

0,1

Адуу

8671

4,4

Үхэр

8501

4,3

Хонь

71269

36,1

Ямаа

108834

55,1

Нийт дүн

197600

100

            Тус сум 2013 онд 224.5 мянган толгой малтай сүргийн бүтцийн хувьд бод мал 9.9 хувь, хонь 29.2 хувь, ямаа 61.0 хувийг эзэлж  байгаад дүгнэлт хийж, малчдын зөвлөгөөнөөр хэлэлцэн 10 жилийн дараа бод малыг 15.0 хувьд, хонийг  35.0 хувьд хүргэж ямааны эзлэх хэмжээг 50-аас доош хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд малжуулах төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхдээ ямаанаас бусад төрлийн малаар малжуулах, шагнал урамшуулалд тодорхойлоход сүргийн бүтцийг харгалзан үзэх, хонь, үхэр сүргээ өсгөх уриалга гарган ажиллаж 2021 оны эцэст сүрэгт эзлэх хонь 36.1 хувьд хүрч ямааны эзлэх хувь 55.0 болж буурсан үзүүлэлттэй байна.

 

Тус сум газар тариалангийн 307.5 га талбайгаас 154 га талбайд буюу 50,8%-д тариалалт эрхэлж байна. Тариалангийн талбайг бүрэн хүчин чадлаар ажиллуулахад  гадаргын ус багассан, услалтын системүүд хуучирч усны алдагдал их, төмс, хүнсний ногоо хадгалах агуулах, зоорийн хүрэлцээ муу зэргээс шалтгаалан ашиглалт муу байна.  Цаашид хөдөө аж ахуйн загвар кластер төслийг  түшиглэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариалах талбайг нэмэгдүүлэх, хүлэмж,  зоорийн аж ахуй, даршлах, нөөшлөх цех зэргийг хөгжүүлж тариалангийн талбайг бүрэн ашиглаж нутгийн нэрийн бүтээгдэхүүн бий болгон ажиллах боломж бүрдэнэ.

Аймгийн газар тариалангийн түшиц газар болох Бумбат, Хөшөөт, Бор балгасын услалтын систем, Бийрийн уулзвар зэрэг 307.5 га тариалангийн талбай,  малын тэжээлийн ургамал тариалах хадлангийн зориулалтаар ашиглах  боломжтой Эрдэнийн хөндийн 100 га, Байн хөндийн 250 га талбайн нөөцтэй байна. 2022-06-21 00:00:00