Соёлын төв нь анх 1936 онд “Улаан-гэр” гэх ганц гэрээр нүүдэллэн явж төр засгийн бодлого шийдвэрийг ард иргэдэд ухуулан таниулахын зэрэгцээ, шинэ шүлэг, дуу заах, кино гаргах зэрэг үйл ажиллагаа явуулж, тухайн үеийн анхны даргаар нь Шийрэнбуугийн Тавинтай ажиллаж байв.
Улмаар 1943 онд 19 хүний суудал бүхий Улаанбуланг байгуулж нутгийн авьяастан, сайн дурын уран сайханчдыг татан оролцуулж соёл, олон нийтийн ажлыг хөдөөрүү чиглүүлж үйл ажиллагаа нь өргөжин тэлсэн нь соёлын байгууллагын томоохон дэвшил юм.
Улаан булан нь 1952 онд клуб нэртэйгээр үйл ажиллагаа нь өргөжин байр, суудлын тоо нэмэгдэж клубийн эрхлэгч, номын санч, кино механикч гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байгаад 1998 оноос Соёлын төв болон үйл ажиллагааны цар хүрээ, үйлчилгээнд хамрагсадын тоо жил бүр нэмэгдсээр ирсэн.
“Эгшиглэн” Соёлын төв нь 2013 онд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор МУСТА Дарамын Цэрэнпил агсаны нэрэмжит болсон байна.
Тус соёлын төв нь 5 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж, соёлын төвийн даргаар МУСТА Намжигдоржийн Туулбаатар, номын санч Цэрмаагийн Дэлгэрмаа, хөгжмийн багш Цэвэлийн Дашдэмбэрэл, бүжгийн багш МУСТА Цэвэлийн Амартунгалаг, үйлчлэгч Ж.Дондол нар ажиллаж байна. Манай хамт олноос Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон 1, Соёлын тэргүүний ажилтан – 3, Соёлын яамны хүндэт Жуух бичиг -3, Тэргүүний ардын авьяастан -1 зэрэг төрийн дээд болон салбарын сайчуул төрөн гарсан.
Соёлын төв нь 2007 оноос хөгжмийн багш, бүжгийн багш, номын санч, техникч гэсэн бүтэц орон тоо нэмэгдэн иргэд, хүүхэд залуучуудад соёлын үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд анхаарч, төрөөс баримтлах соёлын бодлого, соёлын тухай хууль болон бусад хууль тогтоомжийн хүрээнд, ардын уламжлалт урлагийг орчин үеийн урлагтай хослуулан хөгжүүлж, иргэд, хүүхэд залуучуудын соёлын боловсролыг дээшлүүлэх, соёлын биет болон биет бус өвийг хамгаалах, судлан сурталчлах, түгээн дэлгэрүүлэхэд анхаарч үйл ажиллагаагаа чиглүүлэн ажиллаж ирсэн.
Соёлын төв нь 2016 онд байгууллагын түүхт 80 жилийн ойн хүрээнд олон арван бүтээлч ажил, томоохон уран бүтээлийг найруулан тавьсны нэг нь Ц.Дамдинсүрэнгийн зохиол “Учиртай гурван толгой дуурь”-ийг бүрэн эхээр нь хөдөөгийн тайзнаа үзэгчдийн хүртээл болгосон нь улсын хэмжээнд үндэснийхээ дуурийг 32 жилийн өмнө уг соёлын байгууллагын тайзнаа бүтээгдэж байсан бүтээлийг дахин сэргээн тавьсан анхны сум юм.
Тус соёлын төв нь 1998- 2006 он хүртэл үйл ажиллагаагаараа аймгийн Шилдэг соёлын байгууллагаар жил бүр шалгарсан амжилттай ажиллаж байсан.
Номын сан анх 1963 онд клубийн харьяанд 402 номтойгоор байгуулагдаж төв хөдөөгийн иргэдэд ном хэвлэлээр үйлчилж, ухуулга сурталчилгааны бригадаар ажилладаг байжээ. Одоо номын сан нь 3771 ширхэг номын фондтой, жилдээ байнгын 120 гаруй хүн, ирцээр 3000 гаруй хүнд 6250 гаруй номыг жилд 20-40 ширхэг номоор фонд баяжилт хийж өөрийн номын санд байхгүй ном зохиолыг аймгийн нийтийн номын сантай гэрээ хийж ном солилцоогоор уншигч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээг ханган ажиллаж байна. Номын сангийн фондын номыг LIB4U программд бүрэн оруулж цахим үйлчилгээнд бүрэн шилжин ажиллаж байна.
Сумын Орон нутаг судлах танхим нь 136 дэсийн 293 ширхэг үзмэртэй. 2016 онд соёлын төвийн түүхт 80 жилийн ойн хүрээнд “Алдартны танхим”-ыг байгуулан сум орон нутгаас төрөн гарсан алдартнууд, сумын түүх, нутаг орны онцлог өв соёлыг хүүхэд залуучуудад өвлүүлэн сурталчилж, жилдээ 1-2 үзмэрийн баяжилт хийж ажиллаж байна.
“Сумын төвийн шинэчлэл” төслийн хүрээнд 1,5 тэрбумын төсөвт өртөгтэй 240 хүний суудалтай шинэ соёлын ордны барилгын ажил 80 хувьтай баригдаж байна.
2022-10-28 12:05:12