Танилцуулга

1924 онд Цэцэрлэг-Мандал аймгийн Баянзүрх уулын хошуу /Сайн ноён хан аймгийн Эрдэнэбандида хутагт Ламын гэгээний шавь/-нд   Хөнхөрийн Гончиг хэмээх багштай эмэгтэй-8, эрэгтэй-10 сурагчтайгаар анхны хичээлээ эхэлсэн.

1926- 1972 онд Бага сургууль, 1972-1990 он найман жилийн сургууль, 1990-1997 он хүртэл арван жилийн сургууль, 1997-2002 онд найман  жилийн сургуулийн бүтцээр үйл ажиллагаа явуулж байгаад 2002 оны 05-р сард аймгийн Засаг даргын 98-р захирамжаар ЕБ-ын бүрэн дунд боловсрол эзэмшүүлэх 10 жилийн сургууль болж өргөжсөн.

1996 оны 05-р сард Монгол Улсын Засгийн Газрын 104-р тогтоолоор Төрийн шагналт, гавьяат багш, академич, доктор, профессор Шадавын Лувсанванданы нэрэмжит  болсон аймгийн анхны  сургууль юм.

Нийт 31 багш, 3 удирдах ажилтан, 22 ажилтан, ажилчидтай, 530   сурагчтай, сурагчдын дотуур байранд 102 сурагчтайгаар сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулж байна. Мэргэжлийн багш нарын хүний нөөцөөр 100 хувь хангагдсан. Нийт багш нарын 60 гаруй хувь мэргэжлийн зэрэгтэй.

  • Боловсролын тэргүүний ажилтан-13
  • БСШУЯ-ны Хүндэт жуух-30
  • Магистр багш-4
  • Тэргүүлэх зэрэгтэй багш-14
  • Заах аргач багш-3

 

240 хүүхдийн суудалтай хичээлийн байр нь 2019 оны 11-р сард ашиглалтад орсон сургалт хүмүүжлийн ажлаа зохион байгуулж байна.

 

320 хүүхдийн суудалтай хичээлийн байр нь 1976 онд ашиглалтад орсон 2019-2020 оны хичээлийн жилээс бага сургууль болгон ашиглаж байна.

 

75 хүүхдийн дотуур байр нь 1975 онд, 80 хүүхдийн дотуур байр нь 1990 онд тус тус ашиглалтад орсон. Дотуур  байруудад малчин өрхийн сурагчдыг хүлээн авч байна. Хичээлийн байр болон дотуур байрууд нь цэвэр, бохир усны нэгдсэн системд бүрэн холбогдсон.

Мөн суралцагчдад боловсролын үйлчилгээг чанартай тэгш хүртээмжтэй хүргэж, бага, суурь, бүрэн дунд боловсролын стандарт, агуулгын хүрээнд чанартай эзэмшүүлэх, суралцагчдыг монгол үндэснийхээ уламжлалт өв соёл, эх түүх, сургаал, эх орон, элгэн түмнээ дээдлэн сурч хүмүүжиж төлөвшсөн, дэлхий нийтийн соёл, иргэншлийн үнэт зүйлээс суралцсан зөв хүн болгон хөгжүүлэн төлөвшүүлэх үйлсэд хөдөлмөрийн өндөр амжилт гаргаж тус сургуульд ажиллаж байсан багш, сурган хүмүүжүүлэгчид, суралцагчид, төгсөгчдөөс Монгол Улсын Хөдөлмөрийн баатар -1, Төрийн шагналтан- 8, Ардын алдар цолтон- 2, Гавьяат алдар цолтон – 35, Шинжлэх Ухааны Академийн жинхэнэ гишүүн /Академич/- 5, Шинжлэх Ухааны доктор, профессор, эрдэмтэн мэргэд- 55, Монгол Улсын Төр нийгмийн зүтгэлтэн, сайд, түшээд- 55, БНМАУ-ын Ардын Их Хурлын Депутат -21, Аймаг, сум орон нутгийн шилдэг удирдагчид – 45, 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайны ахмад дайчид-9, Хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн -4, ХАА-н салбарт Монгол Улсын “Сайн малчин” , “Улсын аварга малчин”-11, ХХААЯ, МРТХЭГ, Монголын Хүүхдийн Төлөө Үндэсний төвийн “Малд нүдтэй хүүхэд”-3, Аймгийн аварга малчин, механикжуулагчид -78 төрөн гарсан байна.

Аймгийн тэргүүний сургуулиар сүүлийн 20 жилд 8 удаа 2-р байрт, 3 удаа 3-р байрт шалгарч, Хүүхдийн урлаг спортын наадамд 5 удаа, Монголын Хүүхдийн спортын III, IV их наадамд тэргүүн байр, ЕБС төгсөгчдийн ЭЕШ-ын шалгалтад үзүүлсэн амжилтаар 1-р байрт -8, 2-р байрт – 4, 3-р байрт – 3 удаа тус тус шалгарсан. МХЗЭ-ийн Төв Хороо, МПБ-ын Төв Зөвлөлөөс Өлзийт сумын 7 жилийн сургуулийн пионерийн 3-р бүлгийг 1961 онд “Улсын Тэргүүний пионерийн бүлгэм”, 1980 онд МАХН-ын Төв Хороо, АИХ-ын Тэргүүлэгчид, МХЗЭ-ийн Төв Хороо, МҮЭ-ийн Төв Зөвлөл, Хүүхдийн Төлөө Төв фондоос “Тэргүүний сургууль” дипломоор шагнасан байна.

2022-10-28 12:03:39