Архив албан хэрэг хөтлөлтийн зөвлөгөөн, сургалт зохион байгуулагдлаа

Төрийн Архив, албан хэрэг хөтлөлтийн эрх зүйн шинэчлэлтийг танилцуулах, сурталчлах, шинэчлэл өөрчлөлтийг нэтрүүлж, ажлын хариуцлага, ёс зүй, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ-аас Төрийн архивын тасагтай хамтран “Төрийн архив, албан хэрэг хөтлөлтийн шинэчлэлт - өөрчлөлт” нэгдсэн зөвлөгөөнийг 2023 оны 01 сарын 09-10 өдөр зохион байгуулж байна.

Зөвлөгөөнийг нээж Засаг даргын орлогч Б.Батсуурь үг хэлэхдээ : “Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Архив, албан хэрэг хөтлөгчдийн анхдугаар зөвлөгөөн саяхан болж өндөрлөлөө. Төрийн тэргүүний Архивын боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах, архив, бичиг хэргийн ажилтны цалин хөлсийг үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг аймаг орон нутаг дэмжин ажиллана. Баянхонгор аймаг архив, албан хэрэг хөтлөлтөөрөө улсдаа тогтмол тэргүүлсээр ирсэн байдаг. Энэ амжилтыг бий болгож, эдүгээ хадгалж чадсан та бүхэндээ энэ мөчид талархал илэрхийлье. Цахим зуунтай хөл нийлүүлж, шинэчлэлт өөрчлөлтийг үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй та бүхний зөвлөгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье” гэв.

Зөвлөгөөнд Баянхонгор аймгийн 200 гаруй төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөгчид оролцож байна.

Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн зөвлөгөөний үеэр

• АЗДТГ-ын дарга Д.Энхжаргал “Төрийн албан хаагчийн ажлын бүтээмж, удирдлага, манлайллыг дээшлүүлэх нь ”

• ХЭЗХ-ийн дарга Д.Сарангарав “Хууль тогтоомжийн хэрэгжилт, ажилтны ёс зүйг сайжруулах нь ”

• ТЗУХ-ийн дарга П.Отгонбаяр “Байгууллагын албан хэрэг хөтлөлтийн нийтлэг журмын хэрэгжилт, хариутай бичгийн шийдвэрлэлт, ERP программын ашиглалт”

• Төрийн архивын дарга В.Эрдэнэчимэг “Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” нь сэдвээр тус тус илтгэл тавив.

Манай аймгийн архив, албан хэрэг хөтлөгчид тус зөвлөгөөний үеэр салбарынхаа үйл ажиллагаа, өнөөгийн түвшин, хүрэх зорилт, хүний нөөц, чадамж, нийгмийн хамгааллын талаар үзэл бодлоо илэрхийлж хэлэлцүүлэг өрнүүлэн, санал шүүмжүүдээ нэгтгэн нэгдсэн зөвлөмж гаргах юм.

2023-01-09 00:00:00